Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- ХАРЬЯА ГАЗРУУД
- МЭДЭЭ
- Шилэн данс
- Ил тод байдал
- Газар зохион байгуулалт
Аргын он тоолох ёсны 1923 оноос аймаг хошуудыг хан, ноёдынх нь цол хэргэмээр биш уг нутгийнх нь уул усны нэрээр нэрлэх болсноор Зоригт вангийн хошууг Хүнцэл цавчид уулын хошуу хэмээх болсон. 1924 онд уг хошууг татан буулгаж Бүрэн, Өндөрхаан гэдэг 2 сумыг шинээр байгуулжээ. Удалгүй Өндөрхаан сумын нэрийг Өндөрширээт сум болгон Арширээт гэдэг газар 1 гэртэй 10 багтайгаар төвлөрүүлэн нам, төр засгийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн нь өнөөгийн манай сумын ууган голомт юм. Тэр цагаас хойш нэгэнт 89 жил улиран өнгөрчээ. Хожим нь Наранбилэг уулын өвөрт сум төвлөрсөн билээ. Тэр үед 800 өрхтэй, 3 мянган хүн амтай, 100 мянга гаруй толгой малтай томоохон сум болж байлаа.
1956 онд Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт ороход Өндөрширээт сумыг Эрдэнэсант сумтай нэгтгэсэн юм. Өндөрширээт сумыг татан буулгаж, 1,4,5,6,7-р багийг Эрдэнэсант суманд, 2,3,8-р багийг Лүн суманд, 9,10-р багийг Булган аймгийн Дашинчилэн суманд шилжүүлжээ. 1958 онд дахин бие даасан сум болжээ. 1967 онд Тариат сумтай нэгтгэн нэг сум болгосон байна. 1969 онд БНМАУ-н СНЗ-н тогтоолоор тус сумын төвийг өөр газар шилжүүлэн суурьшуулахаар шийдвэрлэсэний дагуу хуучин төлөвлөж байсан Наранбилэг уулын өврөөс одоогийн байгаа Байшинт уулын өвөрт нүүн ирж төвлөрсөн юм.2020 оны байдлаар тус сум нь 271,2 мянган га нутагтай 1844 хүн амтай ,засаг захиргааны 4 багтай 175504 толгой малтай төсөвт 5-г байгууллагатай 20 аж ахуй нэгж байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна.
1924 онд Өндөрширээт сум байгуулагдахад сумын анхны даргаар Г.Элбэг, нарийн бичгийн даргаар П.Думбай нар ажиллаж байжээ. Түүнээс хойш сумын даргаар Шагдаржав, Сэрээнэн, Гомбосүрэн, Бадарчин, Д.Бархасцэрэн, Чойнхор, Догоон, Нацагням, Дагвадэмбэрэл нар сонгогдон ажиллажээ.
Өндөрширээт сум бөхийн удамтай нутаг Даншигийн аварга Баянмөнх Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны албат одоогийн Өндөрширээт сумын нутаг Номгоны Улаан хавцал гэдэг газар төржээ. Тэрээр Сайшаал ерөөлтийн 24 оны туулай жил буюу 1819 оны наадмаас эхлэн 22 жилийн наадамд барилдахдаа Даншиг наадамд 3-н удаа түрүүлж,6-н удаа үзүүрлэж,5-н удаа шөвгөрчээ.Арван засгийн наадамд 2 удаа түрүүлж ,5удаа үзүүрлэж,4удаа шөвгөрсөн үнэхээр хүч бяртай бөх байжээ.Одоо түүний дурсгалд зориулсан хөшөө 2009 онд Өндөрширээт сумын төв талбайд байгуулагдан сүндэрлэж байна.
Манай сум үндэсний шагайн харваачаараа алдартай .Тус сумын үндсэн харъяат Доржсүрэнгийн Юнгэрэн нь 1962 онд тус суманд төрсөн 1998 ондҮндэсний спортын анхдугаар их наадмаас мөнгөн медаль хүртэж дэд мэргэн цолоор шагнагдсан.2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн наадмаар 3-р байрт шалгарч хүрэл медаль улсын Мэргэн цолоор шагнагдсан.2002 онд Манлай Харваачаар тодорч,2004 оны улсын аваргаас мөнгөн медаль хүртэж Гарамгай Мэргэн цолоор шагнагджээ.
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдон 1992 онд сумын Засаг даргын тамгын газар байгуулагдав. Сумын анхны засаг даргаар Ж.Даваадорж /1990-1992 он/ ажиллаж тамгын газрын бүтэц орон тоогоор Засаг дарга,ЗДОрлогч, ЗДТГДарга, Ахлах нябо, тооцооны нябо, жолооч, үйлчлэгч, 4 багийн Засаг дарга, бичээч зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан юм.
Ээлжит сонгуулийн үр дүнгээр Ж.Даваадорж / 1990-1992/, Л.Содномдаржаа /1992-1994/, Д.Пүрэвсүрэн /1994-1995/, Ж.Даваадорж/1995-2008/, С.Жаргалнэмэх /2008-2012/,Д.Лхамсүрэн /2012-2016/, Ц.Болдбаатар /2016-2020/, 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр А.Даваа-Очир сонгогдон сумын засаг даргаар ажиллаж байна.